ГАЛЫН ТУХАЙ
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
15 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаархи иргэдийн эрх, үүрэг
15.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь эрхтэй байна:
15.1.1.Гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;
15.1.2.Гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээ авах;
15.1.3.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах.
15.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь үүрэгтэй байна:
15.2.1.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
15.2.2.Гал түймэр гарч байгаа тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй мэдэгдэх;
15.2.3.Гал түймэр унтраах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг туслалцаа үзүүлэх;
15.2.4.Гал түймрийн талаархи зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.
16 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
16.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
16.1.1.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг чандлан сахих;
16.1.2.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах;
16.1.3.Галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллах;
16.1.4.Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц, бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах;
16.1.5.Ажилтан, ажилчдынхаа гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
16.1.6.Гал унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
16.1.7.Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.
16.2.Галын аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:
16.2.1.Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зааварчилга, зөвлөгөө авах;
16.2.2.Гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал унтраах гэрээт нэгж ажиллуулах.